/2023.02.28/: Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум үргэлжилж байна.
Цар тахлын дараа хэвийн амьдралдаа эргэн орохоос илүүтэйгээр шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн тулд дэлхийн хотуудын удирдлагууд өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт болон “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг Хүмүүс хоорондын харилцаа холбоо, Аюулгүй байдал болон хамгаалалт, Хотуудын хүрээлэн буй орчин гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцэж байна.
Форумын Хотуудын хүрээлэн буй орчны талаарх хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг оролцсон. Түүнтэй хамт Амман хотын менежер Ахмад Абдала Малкави, Брисбэн хотын Иргэдийн Засгийн газрын Байгаль орчин, цэцэрлэгт хүрээлэн, тогтвортой байдлын хорооны дарга Трейси Эллен Палмер-Девис, Сан Сальвадор хотын Хамтын ажиллагаа болон байгаль орчны менежер Вилиан Рене Эрнандес Аревало нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн Дели хотын Байгаль орчны сайдын зөвлөх Реена Гупта, Ланкестер хотын дарга Р.Рекс Паррис, Милан хотын дарга Гүйсэпп Сала нар цахимаар оролцлоо.
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форумыг гурван хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчны талаарх хэлэлцүүлэгт зургаан хотын удирдлага болон төлөөлөл бүхий хүмүүстэй оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд тухайн хотод байгаль орчны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, мөн үүнд тохирсон ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаарх туршлагуудаа хуваалцсан юм. Хотуудын хувьд нийтлэг тулгамдаж байгаа асуудал болон хотын онцлогоос шалтгаалсан асуудлууд ч байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэгсдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Тэгвэл Дели хотын 20 сая байсан хүн амын тоо 30 сая хүрч, төвлөрөл үүсэж, үүнийг дагасан асуудлууд урган гарч байгаа тухай тус хотын Байгаль орчны сайдын зөвлөх Реена Гупта ярилаа. Мөн орчны бохирдолтой холбоотойгоор хууль, дүрэм зөрчсөн асуудал гарвал иргэд холбогдох байгууллагууд руу зураг авч явуулдаг, түүнийг нь захиргааны байгууллага нь шийддэг. Шийдэл нь 90 хувьтай байгааг танилцуулсан” хэмээв.
Австралийн Брисбэн хотын Иргэдийн Засгийн газрын Байгаль орчин, цэцэрлэгт хүрээлэн, тогтвортой байдлын хорооны дарга Трейси Эллен Палмер-Девис “Манай хот бусад хотын адилаар хөгжиж байгаа. Бидэнд тулгарч буй нэг бэрхшээл, сорилт бол хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал. Брисбэн бол улсдаа нүүрстөрөгчийн ялгаралт, шингээлтийг тэнцвэртэй байлгах тал дээр хамгийн ихээр анхаардаг бүс нутагт тооцогддог.
Мөн бусад орны адилаар хог дарж булах аргыг ч ашигладаг. Одоогоор хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах туршилтыг хийж байгаа бөгөөд уг туршилтад Брисбэн хотын 6000 өрх оролцож байна. Брисбэн хот маш халуун уур амьсгалтай тул тодорхой бэрхшээлүүд тулгарсаар байгаа ч ирээдүйд асуудлуудаа амжилттай шийдэхийн тулд боломжит туршилт, технологиудыг нэвтрүүлсээр байна. Тиймээс бидэнд санаачлан хэрэгжүүлж буй олон туршлага бий.
Тухайлбал, 14 хоногт нэг удаа айл өрхөөс ялгарсан хогийг ачиж, цуглуулдаг бөгөөд тэдгээр хогийн савнууд нь тус бүр 340 литрийн багтаамжтай. Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах ажил Брисбэн хотын оршин суугчдын хувьд энгийн үйлдэл болсон. Бид эдгээр ажлаа үргэлжлүүлсээр байх бөгөөд тулгамдсан олон асуудлаа ч шийдвэрлэх болно. Гэхдээ хог хаягдлаараа яг юу хийж болох вэ гэдэг нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй бас нэг сорилт болоод байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ