/2023.02.28/: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар болон Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өглөө.
Тэрбээр, улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулж, асуудал бүрээр Байнгын хороодын Ажлын хэсгүүдийг байгуулж ажиллахыг даалгав. Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, гишүүн О.Амартүвшин, Х.Ганбаатар нарыг баялгийн сангийн асуудлаар, О.Мөнхсайхан, С.Эрдэнэбат нарыг парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудлаар тус тус холбогдох Ажлын хэсгүүдэд орж ажиллахыг хүслээ.
Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудал бол ард иргэдийг төлөөлөн ажилладаг хяналт шалгалтын бие даасан тогтолцоо бий болгох асуудал байсныг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцолсон юм. Иймд ард түмний өмнөөс төрийг хянадаг тогтолцоо бий болгох шийдэл боловсруулахад анхаарч ажиллахыг тэрбээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод үүрэг болгож, энэ саналыг дэмжиж ажилласан Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ө.Ганхуяг, Д.Моондой, Л.Төр-Од нарт зөвлөв.
Зөвлөлдөх санал асуулгад хөндөгдсөн дөрвөн багц сэдвийг хэлэлцэхэд бүхий л асуудал авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн сэдэв рүү хэлбийж байсныг тэрбээр сануулаад, энэ бүхнийг үндсээр нь таслан зогсооход чиглэсэн эрх зүйн шийдлийг талаар санал боловсруулах, Засгийн газраас шинэчлэн боловсруулж байгаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт зөвлөлдөх санал асуулгын хүрээнд иргэдийн дэвшүүлсэн саналыг тусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэхийг тус санал асуулгад туслалцаа үзүүлж ажилласан Ажлын хэсэгт даалгаад, Зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбар, сэдэв, асуудлаар үйл ажиллагаа явуулж буй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Эх сурвалж: УИХ