/2023.02.28/: Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасиммагийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлал БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма-тай хийсэн албан ёсны уулзалтаар (2023.02.24) эхэлсэн.
Уулзалтын эхэнд хатагтай Пингкам Ласасимма, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралтай уламжлалт найрсаг харилцаатайг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжин, парламентын дарга, гишүүд, Тамгын газрын түвшинд харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр, 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нарын цахим уулзалтын үеэр Лаосын тал парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулах санал илэрхийлснийг Монгол Улсын Их Хурлын удирдлага дэмжсэнд талархаж байна гэлээ.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан халуун дотноор хүлээн авч байгаад нь хатагтай Пингкам Ласасиммад талархал илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын олон жилийн найрсаг, дотно харилцаанд сэтгэл хангалуун байдгаа дурдаад, өнгөрсөн хугацаанд бид төлөөлөгчид солилцож, туршлагаа хуваалцан, бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Уламжлалт харилцааны бат суурин дээрээ тулгуурлан харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд, улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулах нь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бататгасан чухал үйл явдал болно гэдэгт эргэлзэхгүй байна гээд, хатагтай Пингкам Ласасиммаг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.
Албан ёсны уулзалтын дараа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2023-2026 онд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичигт, парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаа, түүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг арга барилтай танилцах, туршлага солилцох зорилгоор төлөөлөгчид илгээх, хууль тогтоох байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлууд тусгагджээ.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагад бараалхав. Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын өнөөгийн хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан айлчлалынхаа хүрээнд БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотын Иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга Накасен Сихалад, Луангпрабанг мужийн Иргэдийн хурлын дарга Вонсаван Тепажан, Иргэдийн хурлын Тамгын газрын удирдах хүмүүстэй уулзаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Эх сурвалж: УИХ