/2023.02.27/ Бусдыг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн, улмаар интернет банкных нь кодыг гаргуулж данснаас нь 18 сая 500 мянган төгрөг шилжүүлэн авсан хэрэг гарчээ.
Энэ талаарх дуудлага өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ. Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлсэн нь тогтоогджээ. Мөн бусдаас дээрэмдсэн мөнгөөрөө тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилсан байна.