IHC койн эзэмшигч: Хөрөнгө оруулагч өөрөө эрсдэлээ үүрэх чадвартай байх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

IHC койн эзэмшигч: Хөрөнгө оруулагч өөрөө эрсдэлээ үүрэх чадвартай байх хэрэгтэй

/2023.02.15/ IHC койны үүсгэн байгуулагчдын нэг болох О.Мөнхжинг өчигдөр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус койныг эзэмшигчид талбай дээр цугларч өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Тэдний нэг болох н.Ганзоригоос байр суурийг нь тодрууллаа.

-Өнөөдөр энд ямар шалтгааны улмаас цуглараад байна вэ?

-Би ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхмийн багш хүн. IHC койныг анх гарсан цагаас нь хойш дэмжиж байгаа. Өнөөдөр бид энд өөрсдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор цуглараад байна. Гомдол гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс нь маш цөөхөн хүн бий. 100 мянган хүний маш бага хэсэг нь гомдол гаргасан. Цаана нь төсөлдөө итгээд явж байгаа маш олон хүн байгаа. Бид шүүхэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Шалгах ёстой зүйлсээ шалгах хэрэгтэй. Үүсгэн байгуулагчдын зүгээс ч гэсэн өөрсдөө шалгуулах хүсэлтээ гаргаад, бүх материалуудаа өгсөн байгаа. Тийм байхад эдгээр хүмүүсийг заавал цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байна. Хилийн хоригтой байгаа учраас гадагшаа гарч чадахгүй шүү дээ.

Үүсгэн байгуулагчдыг цагдан хорьж байгаатай холбоотойгоор IHC койны ханш унаж байна. Ханш унаж байгаа нь бидний эрх ашгийг хөндөж байна гэсэн үг. Бид энэ төсөлд хөрөнгө оруулж, койн худалдаж авсан. Цаашид энэ койн амжилттай явна гэдэгт итгэж байгаа. Гэтэл эдгээр хүмүүсийг цагдан хорьж, төслийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Төлөвлөгөөт ажлууд хийгдэхээ болих зэрэг маш олон сөрөг үр дагавар гарч болзошгүй байна. Мөн монголоос дэлхийн зах зээлд гарсан койны үнэ цэн, нэр хүнд унах аюул эрсдэл бий болоод байна. Тиймээс цагдан хорихгүйгээр шалгаач гэсэн шаардлагыг тавьж байгаа.

-Та бүхнээс өмнө хэсэг иргэд хохирсон талаараа хэвлэлийн бага хурал хийсэн шүү дээ. Таны хувьд ч гэсэн хөрөнгө оруулагч. Тэгэхээр энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ямар ч хөрөнгийн үнэ нэг ханш дээрээ байдаггүй. Орон сууцны үнэ ч гэсэн унаж л байдаг шүү дээ. Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ унадаг, өсдөг. Үүнтэй адилхан бидний зүгээс ч гэсэн одоо IHC койн уналтын үе дээрээ явж байна л гэж харж байна. Зөвхөн IHC унаагүй. Бусад бүх койн уналттай байгаа. Энэ нь өөрөө маш олон шалтгаантай. Тиймээс миний хувьд ханшийн зөрүүг асуудал гэж үзэхгүй байна. Харин хөрөнгө оруулагч анхнаасаа эрсдэлээ даах чадвартай байх хэрэгтэй. Тэр хүнийг хүчээр тулгаж авхуулаагүй. Хүмүүс хохирлоо гээд үүсгэн байгуулагчдыг шоронд хийгээд байж болохгүй. Ингэвэл төсөл явах ямар ч боломжгүй болно.

Үүнээс гадна койны нийлүүлэлтийг зохион байгуулалттайгаар хийсэн гэж ярьж байгаа. "Шилэн" Цогоо, IZ гэх хоёр хүн үүнийг хамгийн анх ярьсан. Шүүхээр гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн хуультай. Гэтэл дээрх хүмүүс шууд луйвар хийсэн гэж олон нийтэд зарласан. Шүүх шийдвэр гаргаагүй байхад түрүүлээд хүнийг ялласан. Энэ бол хүний нэр хүнд халдаж байгаа, хууль бус үйлдэл гэж үзэж байна.

ВИДЕО ҮЗЭХ:

Солонгосын тал Монголчуудад эмчилгээний визийг НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ нөхцлөөр олгохоор боллоо
Солонгосын тал Монголчуудад эмчилгээний визийг НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ нөхцлөөр олгохоор боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.