/2023.02.15/: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.
Шалгалтын явцад худалдаачид бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан тул тухайн зөрчил гаргасан худалдаа эрхлэгчдийг 500 мянган төгрөгөөр торгожээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдэд хандан худалдаа эрхлэгчдээс өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ШӨХТГ