/2023.02.13/ УИХ дахь намын бүлгийн удирдлагууд Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Хоёрдугаар сарын 14,15-нд 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь шатны Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Бэлтгэж ажлыг бүрэн хангаж дууссан.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөлт оруулах гэж байна гэсэн мэдээлэл түгж байна. Тэр байтугай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тусгаар тогтнолтой холбоотой чухал заалтыг хасах гэж байна гэсэн мэдээлэл явж байна. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаар дамжуулан дээрх мэдээлэл худал болохыг мэдэгдсэн. Түүнчлэн УИХ дахь ажлын хэсэг, УИХ-д суудалтай улс төрийн намуудаас зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй гэдгийг мэдэгдэж байна.
Энэ санал асуулгаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд тулгамдаж буй 4 том асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд,
- Иргэний болон улс төрийн хэрэгтэй холбоотой асуудлын хүрээнд ярилцана. Өнгөрсөн өвөл болсон жагсаал цуглаантай холбоотойгоор иргэний эрх, улс төр, хэвлэн нийтлэх эрх, үг хэлэх эрхтэй олон санал ирсэн. Тиймээс эдгээр саналыг авч хэлэлцэнэ.
- Парламентын ардчиллын асуудал,
- Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал,
- Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлыг ярихаар төлөвлөж байна гэлээ.