Зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллана

/2023.02.13/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.7 хувьтай байсныг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулаа.

Тухайлбал, Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж 120 чиглэлд 240 алба хаагч, явган эргүүлийн 319 чиглэлд 638 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм.

Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн.

Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 орон дээр 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна. Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул заалны зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх. Үүнд:

-Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг, цахим гэрчилгээгээр /RFID/ солих ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.

-“e-School” боловсролын нэгдсэн платформын хэвийн үйл ажиллагааг хангаж, байнгын ашиглалттай байлгах, мэдээллийн шинэчлэлтийг цаг тухай бүрд оруулж хэвшүүлэх.

-Хэсгийн ахлагчийн систем нэвтрүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хороодын үйл ажиллагаанд байнгын ашиглаж, ажиллах.

-Цахим дашборд нэвтэрсэнтэй холбогдуулан зарим байгууллага тоон мэдээ, мэдээллээ цаг хугацаанд нь тогтмол оруулж, системийн ажилд дэмжлэг үзүүлэх.

  • Сургуулийн автобусны хяналтын цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулж 40 сургуулийн 110,000 сурагчдын карт буюу үнэмлэхийг байнгын ашиглалттай байлгах, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээллийг цаг тухай бүрд хүргэхэд анхаарч, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын бүсийг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Томоохон захууд болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.

-Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

Эх сурвалж: НЗДТГ

Б.Батжаргал: Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг нь ХУДАЛ
Б.Батжаргал: Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг нь ХУДАЛ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.