/2023.02.09/: Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд улсын хэмжээнд 2022 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1729 бүртгэгдсэнээс нийслэлд 51 хувь буюу 882 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсон, хохирогч иргэдийн 86.4 хувь нь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Тус төсөл нийслэл хотын 5 дүүргийн 12-18 насны охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой билээ.
Энэхүү төслийн хүрээнд дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, эргүүлийн офицер, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хэсгийн байцаагч зэрэг 70 гаруй алба хаагчдад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэрхэн туслах, яаж харилцах, мөрдөн шалгах ажиллагаанд юуг анхаарах зэрэг хүүхэд хамгааллыг чадавхжуулах модуль сургалтыг зохион явуулж байна.
Сургалтын модулиар жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
Эх сурвалж: ЦЕГ