Төрийн албан хаагчдыг чадварлаг, цомхон, цалин сайтай байхад анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдыг чадварлаг, цомхон, цалин сайтай байхад анхаарна

/2023.02.03/: Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард хуралдсан анхдугаар хуралдааны үүрэг даалгавруудыг хэлэлцэв.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газар нь төрийн байгууллагыг чадавхжуулж, чадварлаг, мэргэжлийн түвшинд ажиллахад анхаарлаа хандуулах юм. Тодруулбал, хуулийн хэрэгжилтэд тандан судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулна. Мөн төрийн байгууллагын талаарх иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн жилүүдийн судалгааг харахад төрийн албан хаагчдын 92-93 хувь нь A, B гэсэн үнэлгээ авсан байдаг. Тиймээс төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээг хийж, төрийн албыг чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж танилцуулгадаа “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын хуулийн хэрэгжилтэд үнэлгээ мониторинг хийж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хэр зэрэг хангаж чадаж байна вэ гэдэгт хяналт явуулна. Төрийн байгууллагыг бүтээмжтэй ажиллуулахад анхаарна, үр дүнтэй, олон нийтэд хүрч ажилладаг байх нь гол зорилго юм” гэж тодотгов. Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар “Судалгааны нэгдсэн сан” байгуулах үүргийн дагуу тус санг ажиллуулж эхлээд байна. Тус санд сүүлийн гурван жилд хийсэн судалгаануудыг байршуулна. Эдгээр судалгааг төр, хувийн хэвшилд нээлттэй тавьж, давхардсан судалгаа хийхгүй байхаар зохицуулалт хийж байна.

Төрийн бүтээмжийн Үндэсний хороо нь 2023 онд:

  • Төрийн бодлого, стратеги, хөтөлбөрүүдийн уялдааг хангах
  • Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын оновчлол, гүйцэтгэлийг сайжруулах
  • Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх /бэхжүүлэх
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн бүтээмжийн Үндэсний хороо төрийн байгууллагын бүтээмжийг бодитоор бий болгож, аливаа байгууллага 100 хувь төлөвлөсөн бол 100 хувь гүйцэтгэсэн байх ёстой гэдэг шаардлага тавьж ажиллахыг санууллаа. Мөн энэ онд яамдын бүтцийг оновчтой болгох ажлыг хэрэгжүүлнэ гэлээ.

Эх сурвалж: ЗГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.