Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан байна.
Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа нийслэлийн дөрвөн байршилд гарч буй. Эдгээр байршилд мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.Тодруулбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 80 хувьтай байгаа юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
- Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
- Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
- Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
- “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
- Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
- Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Эх сурвалж: НЗДТГ