Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

/2023.01.30/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор барилга, байгууламж, байгаль орчин, хог хаягдал зэрэг гурван чиглэлийн найман арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас суурь судалгааг авч, нэгтгэх ажлыг хийж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тухайлбал,

  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлэх арга хэмжээ, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.

Эх сурвалж: НЗДТГ

Н.Учрал: Би итгэл үнэмшлээсээ ухрахгүй, цаг хугацаа бүхнийг харуулна...
Н.Учрал: Би итгэл үнэмшлээсээ ухрахгүй, цаг хугацаа бүхнийг харуулна...
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.