/2023.01.30/ Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөлд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
Үүнтэй холбоотойгоор ЦХХХ-ны сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрээр:
-Ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдийн саналыг тусгах шаардлагатай гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Өнгөрсөн хугацаанд ашиг сонирхол нь хөндөгдөж буй олон хүн хуулийг уншаагүй байж улс төржүүлсэн үйлдэл гаргалаа. Хуулийг уншихгүйгээр, доторхой мэдээлэлгүйгээр асуудалд хандаж байгаатай би санал нийлэхгүй. Тиймээс ТББ, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нартай илүү өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.
Энэ хуульд шүүмжлэлтэй хандаж буй хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд илүү шинжлэх ухаанчаар хандаж ЦХХХЯ-тай, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна. Цаг хугацааны явцад энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг хүмүүс ойлгох байх. Би итгэл үнэмшлээсээ ухрахгүй. Цаг хугацаа бүхнийг гэрчилнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.