/2023.01.17/ Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар Хүний эрхийн 50 гаруй ТББ-аас мэдээлэл хийлээ.
Эмнести Интернэшнл байгууллагыг төлөөлж Хүний эрхийн идэвхтэн Г.Сүхбат:
-УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар тогтсон байдаг. Уг санал асуулгыг бие даасан, хараат бус шинжээчдийн төлөөллийг оролцуулж зохион байгуулахаар зөвлөлдөх зөвлөлийг сонгон шалгаруулж томилсон. Гэтэл зөвлөлдөх зөвлөл нь 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр санал асуулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Энэ үеэрээ Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэх шаардлагатай байна гэсэн асуудлыг оруулж ирсэн.
Тиймээс хүний эрхийн ТББ-иудын зүгээс үүнийг Үндсэн хуульд аюул учирч байна гэж үзэж байна. Ингэж үзэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн зохион байгуулах учиртай зөвлөлдөх санал асуулгын асуултад ардчилсан үндсэн хуулийг халах агуулгатай асуулт оруулж ирсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын нийт иргэдийн хувь заяаг шийдэх асуудлыг 1570 хүнээр шийдүүлэх гэж байна. Энэ нь төрийн тогтвортой байдлыг алдагдуулахын зэрэгцээ Үндэсний аюулгүй байдалд харшилж байна.
Үндсэн хуулийг халах агуулга бүхий асуултыг УИХ-ын гишүүн санаачлан оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийг чанд сахих тангаргаасаа няцаж байгаа үйлдэл юм. Мөн зөвлөлдөх санал асуулга явуулах хугацаа шахуу байгаагаас үүдэлтэйгээр иргэд бодитой оролцох боломж нь хязгаарлагдаж байна гэлээ.