/2023.01.27/: Лхагва гарагт Сомалийн хойд хэсэгт АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр ISIS-ын ахлах удирдагч болон террорист бүлэглэлийн 10 гишүүн устгагдсан гэж Байдены Засгийн газар мэдэгдлээ.
“Нэгдүгээр сарын 25-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын арми Сомалийн хойд хэсэгт довтлох ажиллагаа явуулж, ISIS-ын хэд хэдэн гишүүн, тэр дундаа Сомали дахь ISIS-ын удирдагч, гол чиглүүлэгч Билал-аль-Суданийг хөнөөсөн байна. Аль-Судани нь Африкт өсөн нэмэгдэж буй ISIS-ийн оролцоог нэмэгдүүлэх, тус бүлэглэлийн дэлхий даяар, тэр дундаа Афганистан дахь үйл ажиллагааг санхүүжүүлж байжээ” талаар Остин хэлэв.
“Энэ ажиллагааны үеэр энгийн иргэд хохироогүй. Терроризмын эсрэг амжилттай ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсэн манай онцгой алба хаагчид, тагнуулын байгууллага болон бусад агентлаг хоорондын түншүүддээ бид талархаж байна" гэж Остин нэмж хэлэв.
Албаны хүний хэлснээр, АНУ-ын хүчин аль-Суданийг барихаар төлөвлөж байсан ч “дайсагнагч хүчний эсэргүүцлээс болж” хөнөөхөөс өөр аргагүй байдалд хүржээ.
АНУ уг цэргийн ажиллагааг явуулах талаар терроризмын эсрэг хоёр түнш, түүний дотор Сомалийн засгийн газарт мэдэгдсэн байна. Ажиллагааны үеэр АНУ-ын 1 цэрэг нохойд хазуулж гэмтсэнээс өөрөөр гэмтэл бэртэл авсан цэрэг байхгүй аж.
АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн оны сүүлчээр Сирид агаараас цохилт өгч ISIS-ын хоёр дээд удирдагчийг мөн хөнөөгөөд байсан юм.
Эх сурвалж: CNN