/2023.01.25/: Герман улс Украиныг дэмжихийн тулд хэрэгцээтэй байгаа "Ирвэс 2" танкаа илгээх гэж байна гэж мягмар гарагийн орой нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Германы канцлер Олаф Шольц сар үргэлжилсэн зөвлөгөөний эцэст байлдааны танкуудыг илгээхээр шийдсэн гэж Германы мэдээллийн агентлаг мэдээлэв.
CNN-ий зүгээс өчигдөр орой Германы засгийн газраас тайлбар авахаар хандсан боловч тодорхой хариу өгөөгүй байна.
Байдены засаг захиргаа АНУ-д үйлдвэрлэсэн танкуудыг Украин руу илгээх төлөвлөгөөгөө эцэслэн боловсруулж байгааг өчигдөр мэдээлсний дараахан уг мэдээллийг гаргажээ. Герман улс өнгөрсөн долоо хоногт АНУ өөрийн M1 Abrams танкуудыг илгээхгүй бол ирвэс танкаа ч мөн илгээхгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.
Украин руу Ирвэс 2 танк илгээх нь Оросын хаврын довтолгооноос өмнө Киевийн хүчийг орчин үеийн, хүчирхэг цэргийн техникээр хангасан үйл явдал болно. Оросын хуурай замын дайнд Украины цэргүүдийг өндөр технологитой байлдааны системээр хангаснаар Кремльд хүчтэй цохилт болох юм.
Варшав өчигдөр өөрийн улсын мэдлийн ирвэс танкаа илгээх зөвшөөрлийгг албан ёсоор хүссэн бөгөөд Берлин үүнийг хориглохгүй гэж мэдэгдсэн.
Европын хэд хэдэн улс ирвэс танкыг эзэмшдэг бөгөөд тус танк нь Германд үйлдвэрлэгддэг тул Герман тухайн улсуудын экспорт, реэкспортыг ихэвчлэн хянаж байдаг аж.
Германы армийн мэдэлд 320 Ирвэс танк байгаа ч хэдийг нь байлдаанд бэлтгэх талаар мэдээлээгүй гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч өмнө нь CNN агентлагт ярьжээ.
Он гарснаас хойш барууны орнуудын цэргийн тусламжийн давалгаа сэргэж байгаа бөгөөд Украинд хэд хэдэн өндөр технологийн байлдааны системийг өгөхөө амлаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ Украинд нийт 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий цэргийн тусламжийн асар том багцыг өгөх гэрээг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд үүнд анх удаагаа Stryker байлдааны машин багтсан байна. Мөн Их Британи болон ЕХ-ны хэд хэдэн улс танк илгээхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: CNN