С.Баярцогт: Дараагийн сонгуульд ЯЛАХ боломж манай АН-д бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт: Дараагийн сонгуульд ЯЛАХ боломж манай АН-д бий

/2023.01.16/ АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал энэ сарын 13-ны өдөр "Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт" хүрээнд боллоо. Тус хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцсэн бөгөөд намын шинэ дүрмийг баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 17-нд зохион байгуулахаар болсон юм. Үүнтэй холбоотойгоор намын даргад нэр дэвшихээр яригдаж буй С.Баярцогтоос тодруулга авлаа.

-АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байна вэ?
-Өнөөдөр Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой. Түүхэн өдөр тохиож байна. Өнөөдрийн хурлаар Ардчилсан нам дахин сэргэх мандах эхлэлээ тавина гэж бодож байна. Бүгд зөвшилцөж ойлголцоод, бодлогоо нэгтгэж, зохион байгуулалтаа нэг болгох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал Ардчилсан нам өмнөх 30 жилд Монгол Улсын хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулж байсан шигээ ахиад хүчирхэг, ардчиллын төлөө, хувь хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчид тулгуурласан чөлөөт эдийн засагтай нийгмийг бүтээн байгуулж чадна.

-Та намын даргад нэрээ дэвшүүлэх үү?
-Намын даргыг сонгох журмыг баталсны дараагаар энэ асуудлаа шийднэ. Учир нь манай намын дүрмээр үндсэн шаардлагыг хангаж буй хэн ч гэсэн дэвших эрхтэй байгаа. Өнөөдрийн хуралдаанаар намын даргыг сонгох журмыг баталчих байх.

-Энэ сарын 13-ны өдөр АН-ын гишүүд мэдээлэл хийх үеэрээ "С.Баярцогт өөрөө намын дарга болохын тулд Үндэсний бодлогын хорооны хуралдааныг зохион байгуулж байна" гэж ярьж байсан. Үүнд та юу хэлэх вэ?
-Үндэсний бодлогын хорооны хурлыг нэг хүн зохион байгуулаагүй. Үүнийг Ардчилсан намаас УИХ-д сууж буй 11 гишүүн буюу манай бүлгээс санаачилж зохион байгуулж байгаа. Бид 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж уг хурлыг хийж байна. Энэ талаарх бүх мэдээлэл нээлттэй, ил тод байгаа. Нэг хүнээс болж энэхүү үйл ажиллагаа хийгдэж байна гэдэг ор үндэслэлгүй гүтгэлэг.

-21 аймаг 9 дүүргийн намын хорооны дарга нар энэ хурлыг эсэргүүцэж байна гээд хэвлэлийн хурал хийж байсан. Цаашид АН-ын эвлэрлийн асуудалд танай намаас ямар арга хэмжээ авах вэ?
-Тэр хуралд 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл байгаагүй. 3,4-хөн аймгийн нэг талын намын төлөөллүүд зохион байгуулсан. Харин энэ хурал дээр манай намын бүх аймаг, нийслэл, дүүргийн төлөөллүүд оролцож байна. 300 гаруй Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн хуралдаад асуудлаа шийдвэрлэж байна.

Харин нөгөө талд зохион байгуулсан хуралд ихэвчлэн хэн оролцож байгаа нь мэдэгдэхгүй 10-20 хүн суугаад асуудлаа шийдэж байгаа харагдаж байна лээ. Энд бол 300 гаруй хүн нүүр нүүрээ хараад намын асуудлаа шийдвэрлэж байна.

-Таны хувьд дараагийн сонгуульд намаа ялуулах тактиктай оролцох уу. Эсвэл тодорхой хэмжээнд амжилт гаргах зорилготойгоор оролцох уу?

-Улс төрийн намын зорилго бол өөрийнхөө бодлогыг төрийн бодлого болгож, үүгээрээ дамжуулан улс орноо хөгжил дэвшилд хүргэх байдаг. Тиймээс парламентын сонгуульд ялалт байгуулах гэж л оролцдог. Тэгэхээр ийм боломж бол манай намд бий. Ийм потенциал, боловсон хүчин Ардчилсан намд байгаа. Удирлага, зохион байгуулалтын хувьд нэгдэж чадвал дараа дараагийн сонгуульд ялалт байгуулж, манлайгч улс төрийн хүчин болно гэдэгт итгэлтэй байна.

-Намын нэр хүндээ хэрхэн сэргээе гэж бодож байна вэ?
-Хамгийн гол зүйл бол эв нэгдлийн асуудал. Мөн шударга ёс. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж ярьдаг. Түүнчлэн манай Ардчилсан намын гишүүд монголчууд шударга байхдаа хүчтэй гэдэг үгийг суурь зарчмаа болгож байгаа.

Өнгөрсөн шөнө Завханы Баянтэс сумын нутагт -47 градус хүрчээ
Өнгөрсөн шөнө Завханы Баянтэс сумын нутагт -47 градус хүрчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.