/2023.01.12/ УБТЗ-ын албан тушаалтны хэргийг Эрүүгийн шинэ хуулиар шийдэх эсэх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.
Тэрээр:
-Хууль хүчин төгөлдөр болох хоёр үндсэн арга бий. Нэгдүгээрт, 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилнэ хэмээн үйлчлэлээ зааж хууль баталдаг. Хоёрдугаарт, хоригийн хугацааг дуусгаад "Төрийн мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хууль үйлчилдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэгдсэн хууль нь ердийн горимоор буюу сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа үйлчилнэ. Дөнгөж сая Ерөнхий сайд намайг дуудаж үүрэг, чиглэл өглөө. Түүний зүгээс "Хууль хэвлүүлэх асуудлаа УИХ-ын Тамгын газрын даргад хэлээч" гэсэн. Тэгэхгүй бол хугацаа алдаад байна гэдгийг хэлсэн. Тиймээс одоо Л.Өлзийсайхан даргатай уулзах гэж байна. Хуульд Ерөнхийлөгч хориг тавих хугацаа дууссан.
УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хууль эрхзүйн боломж байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд дууссаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох учиртай. Үргэлжилсэн, удааширсан, давтан, нийлмэл, нэгдмэл гэмт хэрэг гэж байдаг. Тэгэхээр иргэн Б-тэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь эдгээрийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Гэмт хэргийн хамгийн сүүлийн дууссан үйлдлээр тооцоод эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байсанд хамаатуулна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг. Процессын хэм хэмжээний тухайд буцаж хэрэглэхгүй гэлээ.