/2023.01.11/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан бонд гаргаж байгаа тухай танилцууллаа. Тэрээр,
"Бид сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-аас батлагдсан 3 жилийн дунд хугацааны гадаад өрийн стратеги болон ЗГ-аас гадаад өрийн зохицуулалт хийх үүрэг өгсний дагуу 6 сарын бэлтгэл ажлаа хангасан.
Энэ хугацаанд тогтмол гадаадын хөрөнгө оруулагч нартай харилцаж өдөр бүр шаардлагатай мэдээллүүдийг өгч ажилласан. Бид энэ жилийн тавдугаар сард төлөгдөх Гэрэгэ бондны 530 сая доллар, дараа жил төлөгдөх Загсийн газрын Хуралдай бондны 600 сая доллар буюу нийтдээ 1.1 тэрбум доллар орчим Засгийн газрын өрийг зохицуулалтыг хийх зорилт тавин ажилласан.
Өнгөрсөн есдүгээр сард Блүүмберг дээр манай улсын талаар таагүй мэдээ гарсан. Гадны олон санкцд давхар өртсөний үр дүнд гадаад валютын гадагшаа урсах төлбөрүүд дээр тодорхой хэмжээний нөөцийн хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнийг гадаад валютын хатуу хяналттай улс болж дэглэмийн өөрчлөлт гарлаа гэж буруу ойлгуулснаас хөрөнгө оруулагчдын хувьд манай гадаад зах зээл бүрэн хаагдсан. Энэ нь манай улсын Засгийн газар болон ААН-үүд найдваргүй болж байна гэсэн үг байдаг.
Энэ үед бид Засгийн газраас үүрэг авсны дагуу 12 дугаар сард өрийн зохицуулалтыг хийх гэж оролдсон боловч гадаад зах зээл хаалттай байсан тул амжилтгүй болсон. Харин жилийн эцсийн макро үзүүлэлтүүд сайн гарч төсвийн алдагдал 60 хувиар буурсан, Төв банкны валютын нөөц 3.4 тэрбум доллар гарсан, төлбөрийн тэнцэл хүлээгдэж байснаас 600-800 сая доллар бага гарахаар байна. Хийсэн ажлуудын үр дүнд манай улсын зээлжих зэрэглэл 2022 онд гурван агентлаг дээрээ хэвээр нь хадгалж чадсан. Манай улстай ижил зэрэглэлтэй олон улс өнгөрсөн онд зээлжих зэрэглэл буурсан.
Бид зах зээлийг судлаж байгаад өнгөрсөн даваа, мягмар гарагт арилжаа хийлээ. Бид 650 сая долларыг 5 жилийн хугацаатай 11-12 хувийн хүүтэйгээр зээлжих зорилготой байсан. Тэгтэл бидний гаргасан 650 сая долларын захиалганд 4 тэрбум долларын захиалга ирснээр зээлийн хүүг 8.65 хувь болгож буулгаж чадсан. Өмнөх Гэрэгэ 5.7 Хуралдай 8.75 хувийн хүүтэй бондууд гарч байх үед АНУ-ын Төв банкны бодлогын хүү 1 хувь байсан. Харин одоо АНУ-ын Төв банкны бодлогын хүү 4.3 хувь байхад ийм хүүгээр гаргаж чадсан нь гадны хөрөнгө оруулагч нар манай Засгийн газарт итгэж байгаагийн том илрэл юм.
Манай гадаад бондуудын 10-15 хувийг манай дотоодын банкууд эзэмшдэг" гэлээ.