Мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар “Мэргэд” баг шалгарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэтгэлцээний тэмцээний Үндэсний аваргаар “Мэргэд” баг шалгарлаа

/2023.01.09/: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээний тэмцээний аваргын төлөөх тоглолт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Мэтгэлцээнд оролцож буй хүүхдүүдийнхээ мэдлэг, чадвар, оюуны дүгнэлт, сэтгэлгээний царааг хараад баяртай байна. Монголын маань ирээдүй гэгээн саруул байна гэсэн итгэл үнэмшил маань улам баталгаажлаа. Шавь нараа ийм хэмжээнд хүртэл боловсруулан сургаж, үлгэр дуурайл үзүүлж байгаа багш нарт бас талархах ёстой. Хүүхдүүд та бүхэн өнөөдөр улс оронд өрнөж байгаа үйл явдлуудыг анхааралтай харж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхэн УИХ-аас зохион байгуулах гэж байгаа Зөвлөлдөх санал асуулгын талаарх мэдээллийг авсан байх. Энэ санал асуулгын гол зорилго нь дээр хэлсэнчлэн ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох, тулгамдсан, чухал асуудлуудыг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх арга замыг олох талаар иргэдтэйгээр зөвшилцөхөд оршиж байгаа юм.

Иргэд засаглах эрхээ эдэлж, төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцоогоо хангаж, соёлтойгоор зөв мэтгэлцэх чадвартай байх нь ардчиллын хөгжлийн нэг чухал хөшүүрэг юм. Нөгөө талаар мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, үзэл бодлоо цэгцтэй илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах арга хэрэгсэл болдог.

Ардчиллын өлгий эртний Грект сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг хэмээн үзэж, иргэд нь хуулиа хэлэлцэж, мэтгэлцдэг байсан бөгөөд сурагчдад мэтгэлцээний урлагийг эзэмшүүлэх хичээл заадаг байсан.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 1960 оны сонгуулийн үеэр Жон Кеннеди, Ричард Никсон нарын хооронд болсон мэтгэлцээнийг орон даяар телевизээр нэвтрүүлсэн нь мэтгэлцээний хөгжилд маш чухал түлхэц болсон гэж үздэг. Өнөөдөр дэлхийн олон улс орнууд мэтгэлцээнийг өргөн дэлгэр хөгжүүлж, дунд сургуулийнхаа хөтөлбөрт тусган, мэтгэлцэх ур чадварыг олгодог болсон байна. Мэтгэлцээн нь өргөн гүнзгий мэдлэг олгохоос гадна бусдын санаа бодлыг урьдчилан харах, өөр өөр байр суурийг хүндэтгэх, хамгийн гол нь аливаа асуудлын шийдлийг олох, бүтээлчээр сэтгэх, судалгаа хийх, уран илтгэх зэрэг чадварыг олгодог. Асуудлыг олон талаас нь хардаг, бусдын санаа бодлыг сонсдог, соёлтойгоор мэтгэлцэн үзэл бодлоо илэрхийлж чаддаг залуу үеийнхэн л Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, улс орныхоо хөгжил дэвшлийн манлайлагч байж чадна. Тиймээс УИХ “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар хүүхэд залуустаа мэдлэг, ойлголт өгөх, тэдний шууд оролцоог хангах зорилтыг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн дагуу мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцсон сурагчид хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, улс төрийн бодлого гэх мэт асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Тэмцээний нэгдүгээр шатад нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс хоёрдугаар шатны тоглолтод шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдсөн юм. Баг тус бүр гурван гишүүнтэй бөгөөд Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тус бүр хоёр, Дорноговь аймгаас гурав, Орхон аймгаас дөрөв, нийслэлээс 34 баг оролцов.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн нийт 20 орчим шийдлээр мэтгэлцсэн бөгөөд багууд нийгэмд өрнөдөг асуудлыг Үндсэн хуультай уялдуулан шийдлийг боловсруулах зарчмаар явагдаж, тойргийн тоглолтоор гурван өдөр өрсөлдсөн юм.

Ингээд тэмцээний аваргын төлөөх тоглолт Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” баг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” багийн хооронд өрнөлөө. Багууд нотлогч болон няцаагч байр сууринаас “Үндсэн хуулийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид тусгай хичээл болгох оруулах нь зүйтэй” гэсэн сэдвийн хүрээнд эн тэнцүү мэтгэлцэв.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Пүрэвдэмбэрэлийн Ундрал, Батбаатарын Цэнд-Аюуш, Дашхүүгийн Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарч, Үндэсний аварга боллоо.

Тэмцээний 2 дугаар байрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” баг шалгарч, Үндэсний дэд аварга болсон бол 3 дугаар байрт “Arete” баг шалгарлаа. Харин 4 дүгээр байрт “1,2,3” баг шалгарсан бол тусгай буюу шагналт байрт ”Elpis”, “Persevrance”, “Талст”, “Six of wands” зэрэг дөрвөн баг шалгарчээ.

Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг илтгэгч”-ээр Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” багийн оролцогч Д.Өлзийсайхан тодорлоо.

Эх сурвалж: УИХ

УБТЗ-ын ажилчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгох үүрэг өгчээ
УБТЗ-ын ажилчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгох үүрэг өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.