/2023.01.09/ Өнгөрсөн долоо хоногт УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөл болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум төгрөг бэлнээр олдож, улмаар баривчилсан гэсэн мэдээллийг холбогдох албанынхан өгсөн байдаг.
Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр нийт 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг шалгаж байна гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Улмаар түүнийг өнөөдөр нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЗТХ-ийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлжээ. Тэрээр:
-УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.
Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 хувь биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.
Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө гэжээ.