/2023.01.09/: Дорнод аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан орон нутгийнхандаа нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж байна.
Аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тус ангийн дөрвөн бүлэг томилогдон ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ахлах ахлагч Б.Отгонжаргалаар ахлуулсан алба хаагчид Дорнод аймгийн Булган суманд ажиллаж, цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна. Энэ талаар ахлах ахлагч Б.Отгонжаргал “Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас маш их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна. Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлсэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: БХЯ