/2023.1.5/ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим сайд солигдох талаар ярьж эхэллээ.
Тухайлбал, Боомтын сайдаар Г.Тэмүүлэнг тавих санал өгсөн ч тэрээр татгалзсан хэмээн өөрөө ярьсан юм. Мөн УИХ-ын дэд даргаар Ж.Мөнхбат, Д.Сарангэрэл нарын хэн нь байх вэ хэмээн МАН-ын УЗ ярьж байна.
Харин С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилох гэнэ. Тэгвэл өмнө нь ХНХ-ын сайд асан С.Чинзориг гэж хэн бэ?
Хувь хүнийх нь орлого амжилттай өсөн дэвжиж яваа УЛСТӨРЧийн намтрыг эхлээд хүргэе.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТЭРЭЭР ЯМАР АСУУДАЛД НЭР НЬ ОРООЦОЛДОЖ БАЙСАН БЭ?
С.Чинзориг 2017 онд ХНХ-ын сайд байхдаа Капитал банканд нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулж байв. Үүнтэй холбоотойгоор З.Энхболд нартай багагүй хугацаанд маргаж, мэтгэлцсэн.
Харин 2018 онд ЖДҮ-ийн зээлтэй холбоотой түүний нэр яригдсан. "Бээвэр" гэх компанид 300 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх мэдээлэл гарч, үүнийг С.Чинзориг эрс няцааж байв. ЖДҮ зээлтэй түүний нэр холбогдох болсон талаар тэрээр тайлбар өгөхдөө "Сонгогдсон тойргийнхоо сумдад төсөл бичих чиглэл өгч байсан. Миний сонгогдсон тойрог 12 сумтай, нэг сумаас 2-3 төсөл боловсруулж надад ирүүлсэн. Тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувьд дэмжиж, тухайн төслүүдийг нь ХХАХҮЯ-нд хүргүүлсэн төдий" хэмээсэн юм.
Дараа нь тэрбээр 2020 онд ХНХ-ын сайд байхдаа ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг өргөн барьсан юм. Ахмадуудыг алаг үзсэн, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өндөр байсан энэ шийдвэрийн горыг өнөөдрийг хүртэл бид эдэлсээр байгаа билээ.