/2022.12.27/ БНХАУ-д ковидын тархалт өндөр хэмжээнд хүрч, эмнэлэгүүд ачааллаа дийлэхээ больжээ.
Бээжингийн "Юнайтед фамили" эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт эмчээр ажиллаж буй Бэрнштэйн:
-Манай эмнэлэгийн бүх өрөө, бүх ор хүнтэй. Бид үнэхээр том сорилттой тулгараад байна. Үнэндээ бид ковидод бэлтгэлгүй байжээ хэмээн ярив. Тэрээр гуч гаруй жил түргэн тусламжийн эмч хийсэн туршлагатай нэгэн боловч ийнхүү урд өмнө огт таарч байгаагүй хүндрэл бэрхшээлтэй учирснаа нуулгүй ярьсан байна.
Бээжингийн хойд хэсэгтэй хиллэдэг Хэбэй мужийн ЖөүЖүгийн чандарлах газар өдөрт 20-30 хүний шарилыг чандарлаж байна. Тус газрын ажилтан Зао Ёншин:
-Маш олон хүн үхэж байна. Бид өдөржин шөнөжин ажиллаад ч ирсэн шарилуудыг чандарлаж амжихгүй байна гэжээ.
Тус шарил чандарлах газарт 82 настай ковидоор нас барсан эмэгтэйн шарилыг чандарлуулахын тулд хоёр цаг машинаар зөөвөрлөж очжээ. Учир нь Бээжингийн шарил чандарлах газрууд хэдийнээ ачааллаа дийлэхээ больсон байна. Талийгаачийн ар гэрийнхэн "Бид шарилыг чандарлахын тулд 10 хоног оочерт хүлээх шаардлагатай болоод байна" гэжээ.
Бээжингийн Раффлес хувийн эмнэлэгийн ачаалал хэвийн үеийнхээсээ 5-6 дахин нэмэгджээ. Ковидоор өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн нас нь 40-70 насны хооронд хэлбэлзэж байгаа ажээ. "Тэд бүгд вакцинд хамрагдаагүй байжээ" гэж тус эмнэлэгийн эмч Жутард Борру евроньюс мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ.
Үүний зэрэгцээ хятадын эмнэлэгүүдийн эмч, сувилагч нар олноороо ковид тусан, ажиллах боломжгүйд хүрч байгаа нь эмнэлэгийн хүрэлцээ эрс муудахад хүргээд байгаа юм. 22 настай сувилагч Ван "Манай багийнхнаас маш олон нь эерэг гарсан. Бараг бүх эмч ковидоор өвчилсөн" гэж ярьжээ. Эмч, сувилагч нарын ажлын цаг уртасч, 16 цаг хүртэл ямар ч солилцоогүйгээр ажиллахад хүрч байна.
Ройтерс агентлагт ярилцлага өгсөн эмчийн хэлж буйгаар цаашлаад ч маш олон мянган настай хүмүүс амиа алдах байх гэжээ. Одоо ч өдөр бүр 5000 гаруй хүн ойролцоогоор амиа алдаж байгаа ч Хятадын засгийн газар тоог нь хүчээр дарж байгаа гэв.
Хятадын Засгийн газар арванхоёрдугаар сарын 7-ноос хойш ердөө цөөхөн хүн нас барсан, нийт нас баралт 5241 болсон хэмээн мэдээлж байгаа юм.
Өнгөрсөн мягмар гарагт Хятадын эрүүл мэндийн албаны хүн хэлэхдээ, Хятад улс зөвхөн уушгины хатгалгаа эсвэл амьсгалын замын дутагдлын улмаас нас барсан хүмүүсийг албан ёсны COVID-19 нас барсан хүний тоонд тооцдог гэсэн.
Харин мэргэжилтнүүд ирэх жилд 1-2 сая хүн амиа алдана гэж урьдчилан анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: euronews