/2022.12.26/ Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр БНХАУ-аас 100 автобусыг 2023 оны нэгдүгээр сарын 10-нд оруулж ирэхээр болжээ.
Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрээр:
-Шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. 2023 оны нэгдүгээр сарын 10 гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирсон. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Үлдэгдэл 124 автобус хоёрдугаар сардаа багтаж орж ирнэ гэв.
Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтрээд байгаа юм. Тиймээс 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2 үе шаттай хэрэгжүүлэх юм.