/2022.12.20/ Нүүрсний хэрэгтэй холбоотой хяналтын сонсголын асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монгол Улс бол парламентийн засаглалтай улс. Парламент бол бага ард түмэн гэгддэг иргэдийн төлөөлөл юм. Энэ утгаараа бид нар хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг бүгдийг нь байлгуулья гэж байгаа юм. Хэрэгт холбогдсон нэр бүхий 17 албан тушаалтан бий. Үүнд хамгийн түрүүнд зарлагдсан Х.Баттулгаас эхлээд бүх хүнийг байлцуулья гэсэн санал гаргаж байгаа. Гэсэн ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2 хоногийн өмнө зугтаачихсан. Тиймээс тэдэнд хилийн хориг тавих ёстой гэсэн шаардлагыг өчигдөр өгсөн байгаа.
Нүүрсний хэргийн талаар хамгийн их мэдээлэлтэй хүн хэн бэ гэвэл Б.Ганхуяг. Энэ хүн нэрсээ мэдэж байгаа. Түүнчлэн мэдүүлгээ өгөх ёстой учир энэ хүнийг авчирч мэдүүлгийг нь сонсьё гэж ярилцаж байна.
Өчигдөр хаалттай гэрээний гүйцэтгэгч болох "Бодь интернэшнл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан гэдэг хүн яарч сандарч мэдэгдэл хийлээ. Тэрээр "Би мэдэхгүй, асуудал байхгүй. Хэрэв асуудал гарвал төртэй ярь" гэж ярьж байна лээ. Гэвч тухайн үеийн төрийн шийдвэр гаргасан хүн нь зугтаачихлаа.
Маргаашийн сонсголын үеэр Д.Баясгалан гэдэг хүнийг ирж мэдүүлэг өг гэсэн. Нөгөө талд нь ЭТТ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гэдэг хүнийг ирж мэдээллээ өг гэсэн. Учир нь Ж.Ганбат гэдэг хүн "Энэ бол нууцлахаас өөр аргагүй юм байна. Аймшигийн нөхцөлтэй гэрээ байна" гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс энэ хоёр хүнийг уулзуулах шаардлагатай. Бид хүнийг харлуулж, гүтгэж бизнесийн нэр хүндэд хандаж болохгүй гэлээ.