/2022.12.20/: Орос улс шинэ халдлага үйлдэхээр бэлтгэж байж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас Беларусь улстай хиллэдэг хилийн хамгаалалтаа чангатгаж байна гэж Украины Засгийн газраас мэдэгдэв.
Дотоод хэргийн дэд сайд Евгений Йенин ВВС-д "Украины тал Беларусийн хил дээр цэрэг болон сум хэрэгслийг нэмж байршуулна" гэж мэдэгджээ.
Энэ шийдвэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахаар Минск хотод очсонтой холбоотой гарчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Оросын хил хязгаарыг бэхжүүлэх, Оросын доторх нийгмийн хяналтыг бэхжүүлэхийг тушаасан байна. ОХУ-ын Аюулгүй байдлын алба нь хил зөрчих оролдлогыг түргэн таслан зогсоож, гадаадаас ирж буй эрсдэлийг арилгах, урвагч, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх ёстой гэж тэр хэллээ.
Мөн Москва өөрийнхөө гэж мэдэгдээд байгаа Украины зарим хэсэгт амьдарч буй хүмүүсийн аюулгүй байдлыг тусгай албад хангах ёстой гэж гэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Беларусь улсад байрлаж буй цэргүүд Беларусийн армитай хамтарсан цэргийн сургуулилт хийнэ гэж мэдэгдэв.
Ноён Йенин үүнд болон айлчлалын хариуд "Бид Орос, Беларусьтай хиллэдэг бүх хилийн дагуу хамгаалалтын шугамаа байгуулж байна" гэсэн юм.
Беларусь улс дайнд шууд оролцоогүй ч хоёрдугаар сард Оросын цэргүүдэд газар нутгаа ашиглахыг зөвшөөрсөн юм.
Минск Москвагийн шахалтаас болж "цэргийн тусгай ажиллагаа"-нд дэмжлэг үзүүлж байна гэж шинжээчид үзэж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ор үндэслэлгүй, тэнэг, зохиомол зүйл" гэж үгүйсгэв.
Ерөнхийлөгч Путин Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцээ хийхээр Минск рүү ниссэн нь сүүлийн гурван жил хагасын дараа анх удаа Беларусь улсад айлчилсан үйл явдал болж байна.
Энэхүү уулзалтыг "ажлын айлчлал" гэж тодорхойлсон бөгөөд хоёр цаг гаруй үргэлжилсэн юм.
Эх сурвалж: ВВС