Изинис Эйрвэйз: Манай компани төдийгүй Монгол улсын нэр хүндэд халдсан үйлдэл боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Изинис Эйрвэйз: Манай компани төдийгүй Монгол улсын нэр хүндэд халдсан үйлдэл боллоо

/2022.12.16/ Манай улсад газардсан БНХАУ-аас ОХУ-руу явах транзит ачаанаас галт зэвсэг илэрсэн талаарх мэдээлэл гадны сайтад нийтлэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл "Изинис Эйрвэйз" ХХК-иас мөн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,

2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Aviationsource Limited Co.Ltd-ийн цахим хуудас дээр “Eznis Airways Accused of Transporting Military Supplies to Russia” нэртэй мэдээ нийтлэгдсэн. Тус мэдээнд өөрийгөө нууцалсан этгээд "Изинис Эйрвэйз" ХХК-ийн агаарын хөлгөөр ОХУ-руу зэр зэвсгийн чанартай зүйл тээвэрлэх гэж байгаа тухай мэдэгдсэн хэмээн бичжээ. Тус мэдээлэл нь огт үндэслэлгүй хуурамч мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

"Изинис Эйрвэйз" ХХК Boeing загварын хоёр агаарын хөлөгтэй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой A330-200 маягийн өндөр хүчин чадалтай агаарын хөлгөө хүлээн авсан бөгөөд олон улсын ачаа тээвэр хийж байна. Олон улсын ачаа тээвэр хийж эхэлсэн цаг үетэй давхцан ийм мэдээллийг түгээж байгаад харамсаж байна.

"Изинис Эйрвэйз" ХХК нь олон улсын агаарын тээврийн бүх процедур, шаардлагыг бүрэн хангаж ажилладаг байгууллага юм. Олон улсын хэвлэл мэдээллийн дэг журам, ёс зүйг зөрчсөн тус компанид бид уучлалт гуйж залруулга хийхийг шаардсан албан бичиг хүргээд байна. Шаардлагатай бол бид олон улсын шүүхэд хандана. Учир нь энэхүү болчимгүй үйлдэл нь манай компани, үндэсний агаарын тээврийн салбар төдийгүй Монгол улсын нэр хүндэд халдсан үйлдэл боллоо.

“Изинис Эйрвэйз” ХХК нь А330-200 агаарын хөлгийг 2022 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрөөс Лондон болон түүнтэй дүйцэхүйц олон улсын А зэрэглэлтэй давхар даатгагчдад 100 хувь даатгуулсан байдаг. Эдгээр давхар даатгагчид нь Европын Холбооны Улс болон Их Британийн Нэгдсэн Вант Улсын хууль, дүрэм журам, санкцын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Европын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн Нэгдсэн Вант Улсуудаас Орос, Украйны дайны эсрэг тавигдаад буй санкцын хүрээнд агаарын тээвэрлэгч компани ачаа тээврийн зориулалтын онгоцоор Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт бууж, хөөрөх нислэг үйлдэх нөхцөлд даатгуулагч нь нислэг үйлдэхээс өмнө даатгагч болон давхар даатгагчдад COUNCIL REGULATION (EU) 2022/576 болон The Russia (Sanctions) (EU Exit) (Amendment) (No. 15) Regulations 2022-ын дагуу ачааны жагсаалтыг илгээн зөвшөөрөл авах үүрэг хүлээн, талууд уг харилцааг гэрээгээр баталгаажуулсан.

“Изинис Эйрвэйз” ХХК нь уг гэрээний үүрэг, хариуцлагынхаа дагуу Оросын Холбооны Улс руу нислэг үйлдэхийн өмнө даатгагчдад харилцагчаас ирүүлсэн ачаа тээврийн жагсаалтыг давхар зориулалтаар ашиглаж болох эсэхийг шалгуулахаар илгээсэн. Улмаар, давхар даатгагчдын зүгээс уг жагсаалт дахь зарим ачаа нь санкцын шаардлагыг зөрчиж болзошгүй хоёрдмол шинж чанартай хэмээн үзсэн тул манай компани нь А330-200 агаарын хөлгөөр Оросын Холбооны Улс руу нислэг үйлдээгүй болно.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус нислэгт 50 тонн цэргийн хувцас, техник тээвэрлэгдсэн гэж нийтлэгдсэн нь ташаа мэдээлэл болно. 2022 оны арваннэгдүгээр 30-ны өдрийн тус нислэгт 5 багц нийт 28 тонн транзит ачаа Бээжин-Улаанбаатар чиглэлд тээвэрлэгдсэн болно гэжээ.

Баян-Өлгий аймагт газар хөдлөлт болжээ
Баян-Өлгий аймагт газар хөдлөлт болжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.