Instagram 2023 оныг угтан хэд хэдэн шинэ боломжуудыг санал болгожээ. Эдгээр нь BeReal аппликэйшнтэй төстэй Candid Stories функц, Notes нэртэй товч текст оруулах боломж, мөн инстаграм бүлэг зэрэг юм.
Дээр дурдагдсан BeReal аппликэйшн нь энэ жил томоохон хит болж, Instagram-ын хүчтэй өрсөлдөгч болж магадгүй гэж яригдаж байгаа бөгөөд онцлох үйлдэл нь өдөр бүр янз бүрийн цагт BeReal аппликэйшнээс хэрэглэгчид мэдэгдэл ирж, зургаа оруулахыг санал болгоно. Хэрэглэгч сэльфи хийнгээ утасныхаа арын камераар мөн байгаа газрынхаа буюу хийж буй зүйлийнхээ зургийг дарж, бодит байдлаа зураг болгон нийтэлдэг. Аппликэйшн дээр найзаар нэмсэн хүнийхээ тухайн цаг мөчийн зургийг харахын тулд өөрөө заавал тухайн өдөр зургаа оруулсан байхыг шаарддаг зэрэг онцлогуудтай.
Тэгвэл Instagram Candid Stories нь дээрхийн адил утасны арын болон урд талын камераар зэрэг зураг дарж нийтлэх зориулалттай ба аппликэйшн дээр ирсэн мэдэгдлийг нээхэд идэвхижнэ. Мөн Instagram Story хийх камернаас шууд candid story үйлдлийг нээх боломжтой ажээ.
Instagram энэхүү шинэ боломжийг туршиж үзэж байгаагаа энэ жилийн эхээр зарлаж байсан ба энэ мягмар гарагаас эхлэн Өмнөд Африкийн БНУ-ын хэрэглэгчид Candid Stories-ийн анхны хэрэглэгчид болж байгаа гэж The Wall Street Journal мэдэгдсэн байна. Харин хэрэглэгч заавал story хийлгүйгээр хоёр камераар зэрэг зураг дарахыг хүсч байгаа бол энэ оны долоодугаар сараас эхлэн нэмэгдсэн Dual хэмээх үйлдлийг ашиглаж болох аж.
Дараагийн шинэ функц болох Notes нь товчхондоо бол Twitter-ийн жижигсгэсэн хувилбар юм.
Twitter 280 тэмдэгтээр нэг пост хязгаарлагддаг бол Notes нь ердөө 60 тэмдэгтэд багтаан, текст, эможи оруулах бололцоотой бөгөөд нэг онцлог нь хэрэглэгчийн оруулсан энэхүү текст Instagram-ийн feed дээр бус харин түүний сонгосон бүлэг хүмүүстэй (харилцан дагалцдаг хэрэглэгчид, эсвэл Close friends буюу дотны найзуудын жагсаалт гэх мэт) л хуваалцах ажээ. Ийм маягаар хуваалцсан текст нь найзуудынх нь утсан дээр гарахдаа тухайн хэрэглэгчийн DM Inbox доторх профайл зурагны дээр чаатны бөмбөлөг болж харагдана.
Яг үнэндээ Notes нь жиргээ гэхээсээ илүүтэй 20-иод жилийн өмнөх чаат мессенжертэй төстэй гэвэл илүү зохилтой. Ингэж зүйрлэснээрээ шинэ функцийг үгүйсгэж байгаа хэрэг огт биш бөгөөд харин ч хуваалцахыг хүссэн зүйлээ шинэлэг хэлбэрээр илэрхийлэх нь илүү сонирхолтой байж мэдэх юм. 60 тэмдэгтээр хязгаарлаж өгснөөрөө Instagram Notes-ийг эморлын дуу, шүлэгтэй чаат болгохоос сэргийлсэн байж болох талтай. Notes функц нь өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд хүрч эхэлнэ гэнэ.
Мөн шинээр нэмэгдэж байгаа боломж болох бүлгийн талаар дурдахад л нэрнээсээ бараг ойлгомжтой байгаа болов уу.
Instagram-ийн зүгээс өгсөн мэдээллээр бол Group Profile нэртэйгээр үүсгэсэн хаяг руу тухайн бүлгийн хэрэглэгчид зөвхөн дундаа хуваалцах зургаа нийтлэх ажээ. Энэ шинэ үйлдлийг удахгүй олны хүртээл болно гэж Instagram мэдэгдсэн ч Wall Street Journal-ийн нийтлэлээс үзвэл аль хэдийнэ Канад, Чили, Тайванийн хэрэглэгчид бүлэг үүсгэж туршаад эхэлсэн бололтой.
Хэрэглэгч хэрвээ Instagram дээр олж харсан сонирхолтой постыг найзуудтайгаа арай өөр хэлбэрээр хуваалцахыг хүсч байвал Collaborative Collections буюу бүлэгт хуваалцахаас гадна хоёр хүн өөр хоорондоо DM ашиглан хуваалцах шинэ боломжийг удахгүй бий болгохоор туршилт хийгээд эхэлсэн ажээ.
Эх сурвалж: Theverge