/2022.12.12/ Нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн явцын талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл өглөө.
Тэрээр:
-АТГ-аас ЭТТ , Тавантолгой төмөр зам компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах, улсын хилээр хууль бусаар гаргах, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль авсан байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Үүнээс өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна.
Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс 7 албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, 5 албан тушаалтныг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ажиллаж байна гэлээ.