/2022.12.12/ Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Шалгагдаж буй хэрэгтэй холбоотойгоор гурван удаагийн дүгнэлт гарсан байдаг. Жижиг Тавантолгой дээр ойролцоогоор сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй байна.
2017 оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 20-н гээд үндсэндээ сарын хугацаанд 207,000 тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэх баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өмнө нь 2013 онд яг энэ төрлийн гэмт хэрэг шалгагдаж байгаад хэрэг нь хаагдсан байдаг. Эдгээр хэргийг нэгтгэж сэргээж шалгах асуудал яригдаж байна.
Шалгалтын цар хүрээ их байгаа тул мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Зарим тээврийн хэрэгслийг таван жолооч ээлжилж барьсан асуудал бий. Жолооч нарын орсон, гарсан өдөр тус бүрээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Хил гаальтай холбоотой асуудал бий. Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгтэй холбогдуулж, шалгах шаардлага байна гэв.