/2022.12.12/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-"ЭТТ" ХК-тай холбоотой бүх нүүрсний гэрээг ил болгож байна. Өөрөөр хэлбэл тус компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байгааг албан ёсоор зарлая. Хоёрдугаарт, "ЭТТ" ХК-ийн худалдан авалтын гэрээнүүдийн мөн бүгдийг нь ил болгож байна. 10 гаруй жилийн хугацаанд тухайн компани хэчнээн удаа худалдан авалт хийж, ямар компаниудтай хамтран ажиллаж ирсэн гэдгийг иргэдэд нээлттэй болгоно гэсэн үг юм.
Мөн өнгөрсөн хугацаанд нүүрс тээвэрлэлтэд нийт 25 мянган тээврийн хэрэгсэл оролцсон гэж үзэж байна. Тиймээс эдгээр машинуудын өмчлөгчдийн улсын бүртгэлд буй бүртгэлүүдийг ил болгоно. Өнөөдрийн байдлаар 150 аж ахуй нэгжийн 5,647 тээврийн хэрэгсэл богинийн тээвэр хийж байна. Өөрөөр хэлбэл Гашуунсухайт, Цагаан хад, Ганц модны боомтоор хил дамнасан тээвэр хийж байгаа. Харин уурхайгаас Гашуунсухайт хүртэлх уртын тээвэрт нийт 421 аж ахуй нэгжийн 10,432 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭТТ ХК-д олон улсын аудит оруулах шийдвэр гаргалаа. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн шилдэг компаниудаас сонгож, шалгалт оруулна. Энэ хүрээнд санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөгийн иж бүрэн аудитыг оруулах шийдвэр гаргалаа.
Цаашид тус команийг олон нийтийх болгох, олон улсын IPO гаргах чиглэлээр ажиллуулахыг судлах ажлын хэсэг гаргасан гэдгийг хэлмээр байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална гэлээ.