/2022.12.08/ Иргэдийн жагсаал 5 дах өдрийн төв талбайд үргэлжилж байна. Тэдний зүгээс нүүрсний хулгайн хэрэгт холбооны хүмүүсийн нэрийг зарлах, хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.
Энэ үеэр "Positive Mongolians" төслийг санаачлагч Д.Түвшинбаяр өөрийн дуу хоолойг хүргэхээр ирсэн байв. Тэрээр:
-Дараа дараагийн сонголтууд дээрээ илүү нухацтай байя гэж уриалж хэлмээр байна. Залуучуудын амьдрал хэцүү байгаа учраас энд ирсэн байгаа. Амьдралаа сайжруулах гэж энд ирсэн байж таарна. Гэхдээ ийм шалтгаанаар ирчхээд яагаад зөвхөн нэр сонсох гээд байгаа юм бэ. Хэдэн нэр хэллээ гэж бодоход маргааш таны амьдрал сайжрах юм уу. Тэр хүмүүсийн хөрөнгийг хураалаа гэхэд таны амьдрал маргааш сайжрах юм уу. Үүний оронд маш олон жил бугшсан системийг өөрчилье гээд зүтгэвэл бодитой, өөрсдийнхөө амьдралд хэрэг болохуйц үр дүнд хүрнэ.
Түүнчлэн хуулийн тогтолцоогоо ул сууриар нь өөрчлөх ёстой. Байгаа хуулиа дагаж байна гэх нэрийдлээр эрх баригчид цэвэрхэн, уснаас хуурай гараад байна. Тэгэхээр бид үүнийг өөрчлөх тал дээр хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Хэдэн хүний нэр сонсон ч хуулийнхаа дагуу шийтгэсэн гэдэг зүйлийг л ярина. Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс нь сул чөлөөтэй л явж байна. Тиймээс энэ бүх системийг өөрчлөхийн төлөө нэгдэх хэрэгтэй гэлээ.