ЦТЭ-ийн хөдөлгөөнт эмнэлэг 9000 км гаруй зам туулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦТЭ-ийн хөдөлгөөнт эмнэлэг 9000 км гаруй зам туулжээ

/2022.12.08/: 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн халдварт болон хавдрын өвчнийг илрүүлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-ны ажилд Цэргийн төв эмнэлэг суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцож эхэлсэн.

Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт зориулж Камаз маркын 3 автомашиныг зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглож, хөдөө орон нутагт ажиллах зөөврийн интернет, багажийн шинжилгээ, дүрс оношилгооны хариуг HIEP системд хөрвүүлэгч зэрэг нэмэлт багаж төхөөрөмжүүдийг бүрдүүлж, “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-нд шаардлагатай лабораторын урвалжууд болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийн нөөцийг бүрдүүлж бэлтгэл ажлаа хангаад байна.

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрлийн цэргийн командлалуудын цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэрэгжилтийн спортын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчид, гадаад оронд сургуульд суралцах цэргийн алба хаагчид болон сонсогч нар, НҮБ-ын ЭДА-нд оролцох цэргийн алба хаагчид, ҮБХИСургуульд шинээр элсэн суралцагч сонсогч нарт хийгдэх ёстой төлөвлөгөөт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 5, 6, 7 дугаар саруудад хийсэн байна.



Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт үзлэгийн баг нь:

  • 5 болон 6 дугаар саруудад Төв аймаг, Дорноговь аймгуудад ажиллаж амьдарч байгаа цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, энгийн иргэдэд,
  • Наймдугаар сарын 08-наас есдүгээр сарын 20-ны хооронд төвийн бүсийн Өвөрхангай Баянхонгор, баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд болон хойд бүсийн Булган, Орхон, Дархан-Уул аймгууд дахь Зэвсэгт хүчний анги салбаруудад алба хааж буй цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, чөлөөнд гарсан ахмадуудад болон энгийн иргэдэд,
  • Аравдугаар сарын 05-ны өдрөөс аравдугаар сарын 13-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын иргэдэд,
  • 11 дүгээр сард Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг болон Рашаант сумын 800 орчим иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн.

Энэ хугацаанд хөдөлгөөнт үзлэгийн баг дээрхи аймаг сумын нутгаар нийт 9000 км гаруй зам туулж, суурин болон хөдөлгөөнд байдлаар 5500 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд байна. Үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдэд дараах өвчлөл зонхилж байна.

Үүнд:

  • Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаат үрэвсэл, ходоодны архаг болон хурц үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 14,8 хувь
  • элэгний вирусын шалтгаант үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 11 хувь
  • артерийн даралт ихсэх өвчин нийт илэрсэн өвчлөлийн 9,8 хувь
  • бүсэлхий нуруу орчмын мэдрэлийн ёзоорын өвдөлт нийт илэрсэн өвчлөлийн 6,2 хувь
  • зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын хориг бүхий эмгэгүүд нийт илэрсэн өвчлөлийн 2,3 хувь тус тус тохиолдсон байна.

Хөдөлгөөнт үзлэгийн баг цаашид зүүн болон өмнөд бүсийн аймгуудад үзлэг шинжилгээг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ЭМЯ

ФОТО: Эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө
ФОТО: Эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.