/2022.12.08/: Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг мэдээлэл хийж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Засгийн газраас өчигдөр "Нүүрсний хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб" байгуулсан. Миний бие ахалж байгаа. Хамгийн эхний ажлын хэсгийн хуралдаанаа өчигдөр хийлээ. Штаб дараах чиг үүрэгтэй ажиллана. Тухайлбал,
- Засгийн газрын харьяа агентлагуудын мэдээ мэдэллээр түргэн шуурхай хангах,
- Нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллах,
- Засгийн газар хоорондын эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний үндсэн дээр гадаад улсуудаас хил гаалийн мэдээ мэдээллийг авах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Өчигдөр хуралдаж хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагаанууд эрчимжсэн. Тодруулбал, өнгөрсөн шөнө ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчиллаа. Найман хүний дотор "Хишиг арвин индустрал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж, тухайн компанийн гурван хүн багтсан байгаа. Бусад хүмүүс нь ЭТТ ХК-ийн хамаарал бүхий хүмүүс байна. Баривчлах болсон шалтгаан нь ЭТТ-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтууд цугларсныг үндэслэж, цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэж үзлээ.
Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд нэгжлэг хийж байна. Мөн "Хишиг арвин индустрал" ХХК-ийн оффис, салбаруудад үзлэг нэгжлэг хийж байна. "Хишиг арвин индустрал" ХХК нь "ЭТТ" ХК-г үүсгэн байгуулагдсан цагаас хойш хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагааг нь эрхэлж байгаа манай үндэсний томоохон компаниудын нэг. Тус компани болон "ЭТТ" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын хооронд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн нотлох баримтууд олдсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна.