/2022.12.07/ АТГ, Шүүх, Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Хүнийг шүүхийн шийдвэргүйгээр шууд яллаж болохгүй. Бид нар 1937 онд амьдраагүй байна. Тэр үед бол шууд авчраад буудчихдаг байсан. Одоо бид 2022 онд амьдарч байна. Гадаа байгаа хүмүүс төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг шууд зарла гэж шаардаж байна. Гэхдээ би хэн хэн уг хэрэгт шалгагдаж байгааг мэдэхгүй. н.Ариунболд прокурор 21 эрүүгийн хэрэг шалгаж байгааг хэллээ.
20,30 төрийн өндөр дээд албан тушаалтан байгаа гэж байна. Гэхдээ би шалгаагүй, нүүрс зөөж байгааг нь хараагүй. Тийм байж шууд таамгаар авчраад буудаж болохгүй биз дээ. Нэрийг мэдэж байгаа хүн байвал зарлачих. Тэгвэл би гадаа гараад хэлчихье. Би бол чадахгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх цаг хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, хилсээр шоронд хийж, ял өгч чадахгүй. Гэмт буруутай гэдгийг хуулийнхан тогтооно гэлээ.