/2022.12.07/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцжээ.
Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Засгийн газрын хуралдаанаар АНУ-тай "Open Sky" агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжлээ. Ингэснээр АНУ Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болно. Гэхдээ гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хотууд руу шууд нислэг үйлдэх боломжтой болох юм. Энэ хэлэлцээрийг байгуулахыг 2002 оноос хойш АНУ-ын Засгийн газар Монгол Улсад тавьж байсан юм байна лээ. Тодорхой шалтгааны улмаас манай талаас зөвшөөрдөггүй байсан.
Мэдээж АНУ-руу нисэх хүчин чадалтай онгоц байгаа юу гэсэн асуудал үүснэ. Есдүгээр сараас хойш Монгол Улс 7 удаа холын зайн нислэг үйлдсэн. Монголын иргэний агаарын тээвэрлэгч компаниуд олон чиглэлд нислэг үйлдэж байгаа. Үүнээс гадна гадаадын компаниуд Монгол руу нисэх боломжийг нээж өгч байгаа.
Цаашид Австрали, Сингапур руу шууд нислэг хийх боломжийг бий болгоно гэлээ.