/2022.12.05/: ОХУ-ын өмнөд хэсэгт орших Каспийн тэнгисийн эргээс 2500 орчим үхсэн далайн хав олдсон гэж албаныхан мэдэгдлээ.
Албаныхны хэлж буйгаар тэд ямар нэгэн гадны нөлөөллийн улмаас үхсэн гэх шинж тэмдэг байхгүй байгаа аж.
Анх 700 орчим далайн хав үхсэн гэж мэдээлж байсан ч судалгаагаар хавьгүй их тоо гарсан бөгөөд тооллого үргэлжилж байна.
Каспийн далайн хавыг 2008 оноос хойш Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн (IUCN) жагсаалтын ховордсон ангилалд оруулсан байдаг.
Далайн хавнууд хоёр долоо хоногийн өмнө үхсэн байх магадлалтай гэж Каспийн байгаль орчныг хамгаалах төвийн дарга Заур Гапизов мэдэгджээ.
Каспийн тэнгисийн далайн хавын тоо толгой тухайн бүс дэх хэт их агнуур, үйлдвэрлэлийн бохирдол зэргээс болж ойрын хэдэн жилийн хугацаанд эрс цөөрчээ.
Эх сурвалж: ВВС