/2022.12.02/ Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан билээ.
Тэгвэл онцгой байдлын алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраажээ.
Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн байна. Одоогоор үлдсэн шатахууныг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Мөн савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байжээ.
Түүнчлэн гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн ч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Харин үлдсэн хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.
Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй.
Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нисйлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашинтайгаар /гал унтраах үндсэн албаны 14, тусгай албаны 7, бусад зориулалтын 23 автомашин/ үүрэг гүйцэтгэсэн байна.
Мөн УБТЗ-ийн цэрэгжүүлсэн Онцгой байдлын албанаас 22 алба хаагч, гал унтраах галт тэрэг /60 тн усны нөөцтэй/ гарч ажилласан бол аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага, аж, ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтайгаар нэмэлтээр ажиллажээ.
Эх сурвалж: ОБЕГ