/2022.12.01/: Ховд аймгийн Булган сумын “Өвхөөдөг” гэдэг газраас 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон байна.
Энэ тухай дуудлага өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан хамтран малчин А 23 настай, эрэгтэйг эрэн хайхаар хөдөлжээ.
Харамсалтай нь аврагчдыг хөдлөөд удаагүй байхад Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” болон заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ