/2022.11.30/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ТУЗ-ийн дарга Гари Биондо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих, ялангуяа бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс саналаа ирүүлэхийг хүсэв. Тэрбээр хэлэхдээ, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах талаарх санал нь хөрөнгө оруулалтыг дэмжих бодлоготой уялдуулж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад чухал ач холбогдолтой болно.
КОВИД-19 цар тахлын дараах эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход эдийн засгийн чиглэлийн гол гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэлээ.
АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Гари Биондо Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Америкийн худалдааны танхим нь урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмждэг байгууллага болохыг дурдаж, өнгөрсөн хугацаанд Ил тод байдлын гэрээг олон нийтэд сурталчилж, манлайлан ажилласанд талархал илэрхийлэв. Өнгөрсөн оны зургаадугаар сард зохион байгуулагдсан гишүүнчлэлийн уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” баримт бичгийг саяхан гаргасан.
Энэхүү баримт бичигт худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлж буй хүчин зүйлүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг дэмжихийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа талаар АмЧам Монголын бодлогын шинэчлэлийн гурван тулгуур бүхий зөвлөмжүүдийг тусгасан болно. Улсын Их Хурлын даргын санаачилгыг талархан хүлээн авч, шийдвэрийн талаарх саналаа хүргүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас ““D-Parliament” цахим платформыг танилцуулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах боломжийг бүрдүүлсэн. Мөн уг платформд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хийх мэдээлэлд иргэдээс ирүүлэх асуултыг байршуулж байгаа.
Цаашид гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан асуумжийг байршуулахаар ажиллаж байна. Иймд Ил тод байдлын гэрээний дагуу Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль, тогтоомжийн англи хэл дээрх албан ёсны орчуулгыг гаргахад та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудын оролцоог хангаж, харилцан санал солилцохын ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Эх сурвалж: УИХ