/2022.11.30/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.
-Засгийн газрын хуралдаанаар Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолыг баталлаа. Тогтоолоор орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийг Засаг дарга нарт үүрэг болгосон.
Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн дагуу Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх болох орон нутагт үйл ажиллагаа эрхлэх ААН, байгууллагыг дэмжих, эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж батлуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод байна.
Энэ хүрээнд дараах 4 шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт, Аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэх чиглэлээр тооцоо судалгааг хийж тодорхой төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ-г хийх.
Хоёрдугаарт, Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх ААН байгууллагыг дэмжих эрх зүйн тогтолцооны шинэчлэл хийх цогц хөтөлбөр боловсруулж, батлуулах үүргийг өглөө.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор аймаг бүр хүн амаа 10 хувиар нэмэгдүүлэх. Харин Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг, Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газраас өгч байна.
Дөрөвдүгээрт, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагын төсвийн захирагч нар салбар нэгж байгууллага, 10 хувиас доошгүй албан хаагчдыг орон нутаг руу шилжүүлэх бодлого барьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн засаг дарга нарт үүрэг болголоо.
Тавдугаарт, Төрийн байгууллагын үйлчилгээнүүдийг нэгтгэж, цахим шилжилтийг нэвтрүүлэхийг даалгалаа.
Зургаадугаарт, Орон нутагт шилжих иргэдийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг байгуулж, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөлтэй баталгаажуулж санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо гэв.