/2022.11.30/ "Тавантолгой түлш" ХХК БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор тус компанийнхан өнөөдөр мэдээлэл хийж, энэхүү асуудлыг шалгуулах хүсэлтээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цэрэнсодном “Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй. Нэг тонны савлагаатай хагас коксжуулсан нүүрсийг оруулж ирээд 25 кг шуудайд савлаж зардаг гэх мэдээлэл худлаа. Бид 25 кг-ын савлагаатай нүүрсийг иргэдэд, нэг тонны савлагаатай нүүрсийг ААН-үүдэд борлуулдаг. Тиймээс манай байгууллага хятад түлшийг түгээж, борлуулаагүй болохыг тогтоолгоно” гэлээ.
“Тавантолгой түлш” ХХК энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн 97 агуулахад нөөцөлжээ. Тус компани хоногт 14 шугамаар 2500 тонн түлш үйлдвэрлэдэг байна. Аравдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл 111,425 тонн түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд борлуулсан гэдгийг албаныхан хэллээ.