/2022.11.29/ УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр:
-Согтууруулах ундаа гэдэгт архи, пиво бүгд багтаж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчдийн анхааралд хэлэхэд согтууруулах ундаа худалдаалах насны хязгаарыг 21 болгож нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 21 нас хүрээгүй хүнд үүнийг борлуулах, үйлчлэхийг хориглож байна. Баар, ресторанууд тухайн үйлчлүүлэгчийг 21 нас хүрсэн эсэхийг заавал шалгах ёстой гэсэн заалт оруулсан. Овор багатай залуучууд бичиг баримтаа шалгуулж байж архи, пивоор үйлчлүүлнэ.
Тиймээс тухайн иргэн заавал иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх юм уу emongolia аппликейшнээр дамжуулан өөрийн насыг баталгаажуулна. Хэрэв үүнийг зөрчвөл үйлчилсэн, үйлчилгээ авсан хоёр хоёуланд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Нэг ёсондоо 21 нас хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаа зарсан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ БОЛГОНО. Өмнөх хуульд 19 нас гэж заасан байсныг хэлэлцэж байгаад нэмэгдүүлсэн гэлээ.