/2022.11.23/: Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ.
ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Өрхийн (Уян сэтгэл) эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд дэмжлэгт хяналт хийжээ.
Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.
Түүнчлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлох ажлаас дурьдвал 2022 онд 70 ор бүхий хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орсон, нярайн тасагтай болсон, Хархорин, Богд, Уянга сумдад хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй болсон, “Уян сэтгэл” Өрхийн эмнэлэг нь эрүүл мэндийн боловсрол олгох комикс цуврал гаргасан байв.
Эх сурвалж: ЭМЯ