/2022.11.23/: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өчигдөр пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаад мөнгөн урамшууллын батламж гардуулж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.
Л.Туруунаа нь Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм. Энэ амжилт нь тус тэмцээнээс авсан Монгол Улсын анхны медаль болсон. Шагнал гардуулах ёслолын үеэр Д.Жаргалсайхан дарга “Үндэсний шигшээ багийн дэргэд 25 спортын төрлөөр 250 орчим тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Үүнд пара жүдо бөхийн тамирчид багтаж байгаа. Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын анхны медалийг авчирч байгаа нь 2024 онд болох Парисын паралимпын наадамд жүдочид амжилт үзүүлэх бололцоотойг илтгэж байна. Баг тамирчдыг амжилттай оролцуулсан Пара жүдо бөхийн холбоо, багш дасгалжуулагчдад чин сэтгэлийн баяр хүргэе” гэв.
Эх сурвалж: БТСУХ