/2022.11.22/: Хятадын төв хэсэгт байрлах үйлдвэрт гал гарсны улмаас 36 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн эрх баригчдаас иш татан мэдээлэв.
Өчигдөр үдээс хойш төв Хэнань мужийн Аньян хотын үйлдвэрт гал гарсан гэж Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, аврах албаныхан анх 16:22 цагт Аньян хотын Вэньфэн дүүрэгт байрлах Kaixinda Trading Co Ltd буюу "өндөр технологийн бүсэд" гал гарсан тухай мэдээлсэн байна. "Гал гарсан тухай дуудлагыг хүлээн авсны дараа хотын гал унтраах аврах анги нэн даруй ослын газарт хүчээ илгээсэн" гэж CCTV телевиз мэдээлэв.
“Олон нийтийн аюулгүй байдал, онцгой байдлынхан, хотын захиргаа, цахилгаан хангамжийн алба хаагчид ослын газарт нэгэн зэрэг шуурхай ажиллаж, аврах ажиллагаа явуулж, 23:00 цагийн үед галыг бүрэн унтраасан” гэж мэдэгджээ.
Амь үрэгдэгсэд болон сураггүй болсон хүмүүсээс гадна хоёр хүн хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн гэж CCTV мэдээлэв.
Эрх баригчид гал түймэртэй холбогдуулан “гал тавьсан байж болзошгүй сэжигтнүүдийг” цагдан хорьсон гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Аюулгүй байдлын стандарт сул, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд авлига авснаас үүдэн Хятадад үйлдвэрлэлийн осол гарах нь элбэг байдаг.
Өнгөрсөн жил Шиян хотын төвд хий дэлбэрч, 25 хүн амиа алдаж, хэд хэдэн барилга нурсан билээ.
Мөн 2019 оны гуравдугаар сард Шанхай хотоос 260 км зайд орших Янчэн хотын химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 78 хүн амиа алдаж, хэдэн километрийн радиуст байрлах байшингууд сүйдэж байсан. Дөрвөн жилийн өмнө хойд Тяньжины химийн агуулахад асар том дэлбэрэлт болж, 165 хүн амиа алдсан зэрэг томоохон гал түймрүүд өмнө нь гарч байсан юм.
Эх сурвалж: Theguardian