/2022.11.2/ Улаанбаатар хотын гудамжинд зам хөндлөн гарах хэцүү.
Яг өөдөөс регби тоглох гэж байгаа мэт тэс хөндөлдөн зүтгэх нь, зүрх үхүүлмээр. Уг нь бол 1,6 саяулаа дөрвөн уулын дунд амьдарч байгаа бол дүрэмтэй байх, тэр дундаа барын гарын дүрмийг баримтлах нь зүйтэй юм.
БАРУУН ГАРЫН ДҮРЭМ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ?
Та гудмаар алхаж явахдаа ч, зам хөндлөн гарах, шатаар өгсөж уруудах зэрэгтээ баруун гар талаа барьж явахыг баруун гарын дүрэм гэнэ. Ингэснээр бусад хүн таны зүүн гар талаар гарч, гүйцэж түрүүлэх боломжтой болно.
Ялангуяа нарийн гудамжинд хоёул, гурвуулаа хэлхэлдэж явахыг олон хүнтэй их хотод хатуу хориглоно. Хориглох ч юу байхав, энэ нь та бусдад боломж олгохгүй байна гэсэн үг.
БАЙГУУЛЛАГУУД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Үйлчилгээний байгууллага ялангуяа томоохон дэлгүүрүүд баруун гарын дүрмээ баримталж явахыг сануулсан зурагт хуудас, сануулгыг хадаж байршуулах нь ихээхэн үр дүнтэй байдаг.
Энэ нь та байгууллага дотроо эмх журмыг дүрэмлэж өгч байна гэсэн үг юм.
Манай улсад явган хүнд зориулсан дүрэм гэж тусгайлсан дүрэм байдаггүй. Харин гадны улс орнуудад байдаг. Тухайлбал, Хойд Ирландын явган хүний дүрмийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Та өөрийн улсдаа амьдарч байхдаа энэхүү баруун гарын дүрмийг баримтлаад сурчихвал өөр ямар ч улсад аялсан ТА ЗӨВ ХҮН байх болно.
Томоохон хотуудад та явган алхаж байгаад гудамжинд гэнэт зогсох, гэнэт эргэж харах зэрэг нь бусадтай мөргөлдөх осол гаргахад хүргэж болзошгүй. Мэдээж олон улсад (Япон зэрэг цөөн улсад зүүн гарын дүрэм баримталдаг) баруун гарын дүрмээ баримталж явдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.