/2022.11.21/ МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонслоо.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталж гаргах шийдвэрийг бүлгээс гаргалаа. Энэ хуулийг өнгөрсөн хавар Засгийн газраас өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь УИХ-аас шийдвэрлэсэн байгаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ ондоо багтаан баталж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхлэхээр төлөвлөж байна.
Сүүлийн үед Төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайн асуудлыг нэлээд ярьж байна. Энэ асуудалд УИХ, Засгийн газраас нэлээд анхаарч байгаа. Үүний хүрээнд УИХ-аас Г.Ганболд гишүүнээр ахлуулсан хянан шалгах түр хороо гаргаж, шалгаж байна. Ажлын хэсэг тодорхой төрийн өмчит компаниуд болон боомтууд дээр ажиллаж байгаа. Шалгалтын дүнг хараахан нэгтгэж дуусаагүй байна. Үүнээс гадна Засгийн газрын нүүрсний асуудлаар доторхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Цаашид МАН-ын бүлэг нүүрсний хулгайг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох чиглэлээр ЗГ, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана гэв.