/2022.11.21/ МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дизель түлш тасалдсан асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр:
-Жил бүр зохион байгуулагддаг Монгол Оросын Засгийн газрын комиссын хуралдааны үеэр дизель түлшний асуудлыг ярьсан. Оросод дизель түлшийг трейдерүүдэд зарахгүй гэсэн шийдвэр гаргасан юм байна лээ. Монгол улс нийт нефтийн бүтээгдэхүүнийхээ 70 хувийг "Роснефь" компаниас, үлдсэнийг нь трейдерүүдээр дамжуулж авдаг. Тиймээс тэдний оруулж ирэх хэмжээ нь буурсантай холбоотойгоор дизель түлш тасалдсан байна. УУХҮЯ-наас энэ асуудалд арга хэмжээ авч ажиллаж байгаа ч гэсэн энэ сард доголдох нөхцөл байдал үүссэн. Хоёр улсын Засгийн газрын комиссын хуралдааны үеэр энэ асуудлыг онцгойлон ярилцсан. Дизель түлшнийхээ нийлүүлэлтийг яаралтай нэмээч гэсэн хүсэлт тавихад нэмнэ гэсэн хариу өгсөн. Тиймээс дизель түлш тасалдсан нь түр зуурын үзэгдэл гэдгийг хэлмээр байна гэлээ.